2024 оны мод тарих ажлыг зохион
байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх заалт, Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлиг, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны А/17 дугаар тогтоол, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны “Сонгинохайрхан дүүргийн 2024 оны төсөв батлах тухай” 16/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын мод бут, сөөг тарих ажлыг 2024 оны 5 дугаар сарын 10-аас 20-ны өдрүүд зохион байгуулсугай.
2.“Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд тарих модны тоо хэмжээг 1 дүгээр, үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар, шаардагдах төсвийн тооцоог 3 дугаар хавсралтаар баталж, 145,434,000 (Нэг зуун дөчин таван сая дөрвөн зуун гучин дөрвөн мянган) төгрөгийг дүүргийн Хот тохижуулах зардлаас гүйцэтгэлээр гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Айл өрх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хаврын мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй хамруулах ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж оролцуулахыг хорооны Засаг дарга нарт, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг хангаж ажиллахыг хэлтэс, тасгийн дарга нарт, Дэд бүтэц, хөгжлийн алба ОНӨААТҮГ-ын захиралд тус тус үүрэг болгосугай.
4.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, тайлагнаж ажиллахыг Дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ