Мал, амьтны сэг зэм устгах ажлыг
зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.2.2.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 01 дүгээр албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/419 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн мал бүхий хороодын нутаг дэвсгэрт хорогдсон мал, амьтны сэг зэмийг цуглуулах, дарах, булах ажлыг 2024 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын 10-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулсугай.
2.Мал, амьтны сэг зэм цуглуулах, дарах, булах ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг Хөдөө аж ахуйн тасгийн дарга (С.Мижиддорж), 21, 32, 33, 34 дүгээр хорооны Засаг дарга нарт, ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнг тайлагнахыг Мал эмнэлгийн тасаг (М.Бүжинлхам)-т үүрэг болгосугай.
3.Дээрх ажилд шаардагдах 2,997,500 (Хоёр сая есөн зуун ерэн долоо мянга таван зуу) төгрөгийн шатахууны зардлыг хавсралтаар баталж, бусад зардлыг тухай бүрд нь баталгаажуулан гүйцэтгэлээр Засаг даргын нөөц хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-д зөвшөөрсүгэй.
4.Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ