Албан татвар, төлбөр хураах
ажлыг зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 25 дугаар зүйлийн 25.2.5 дахв заалт, Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/158 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн төсвийг бүрдүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор дүүрэгт бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох хяналт шалгалтыг 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-ийг дуустал тус тус зохион байгуулсугай.
2.Дүүргийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталж шаардагдах төсвийг Засаг даргын тамгын газрын татвар хураалт, орлого бүрдүүлэлтийн зардлаас гаргахыг ЗДТГ-ын дарга (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад:
3.1.Албан татвар, төлбөр хураах ажилтнуудыг томилон, удирдлага арга зүйгээр ханган татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан албан татвар, төлбөр төлөгчдөд хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, дүүргийн Замын цагдаагийн хэлтсийг холбогдох мэдээллээр хангаж ажиллахыг дүүргийн Татварын хэлтэс (Б.Энхтогтох)-т;
3.2.Албан татвар, төлбөр төлөөгүй авто тээврийн хэрэгслийг 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хяналт тавьж, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч, хяналтын үзлэг шалгалтыг хамтран зохион байгуулахыг дүүргийн Татварын хэлтэс (Б.Энхтогтох), Замын цагдаагийн хэлтэс (Б.Зоригт)-т;
3.3.Албан татвар, төлбөр хураах ажилд хариуцсан нутаг дэвсгэрийн тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуй нэгжийн судалгааг гаргаж хуулийн хугацаанд бүрэн хамруулахыг хорооны Засаг дарга нарт;
3.4.Дүүргийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр төлсний дараагаар өмчлөгчийн нэр шилжүүлэх, техникийн хяналтын үзлэг оношилгоонд хамруулж ажиллахыг Автотээврийн Үндэсний төвийн Сонгинохайрхан салбар (С.Давааням)-т;
3.5.Албан татвар, төлбөр хураахтай холбогдсон мэдээлэл, сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үүрэн телефоны оператор ашиглан тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд мессежээр мэдээлэл хүргэх, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ “smartcar.mn”, татварын удирдлагын нэгдсэн систем “e-tax.mta.mn”, “itax.mta.mn” систем, “и-баримт” гар утасны аппликейшн, гэрэгэ киоск, пос терминал төхөөрөмж ашиглан албан татвар, төлбөрөө төлөх талаар зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж сурталчлах ажлыг зохион байгуулахыг Татварын хэлтэс (Б.Энхтогтох), Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв (Т.Эрдэнэчимэг)-т тус тус даалгасугай.
4.Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хороо болон нутаг дэвсгэрийн зарчмаар хуулийн хугацаанд зохион байгуулж, холбогдох төсөвт төвлөрүүлж үр дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.
5.Энэхүү захирамжтай холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/262 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ