Зар сурталчилгааны самбар буулгах
зардал гаргах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 77 дугаар зүйлийн 77.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 10 дугаар зүйлийн 10.6.7 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/40 дүгээр захирамж, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 16/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, цэвэрлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах, Худалдаа үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгууламжийн стандартыг мөрдүүлэх зорилгоор аж ахуйн нэгж байгууллагын гадна талбайд зөвшөөрөлгүй байршуулсан, урагдаж өнгө үзэмжээ алдсан, харагдах орчин хязгаарласан зар сурталчилгааны самбарыг буулгах ажлыг зохион байгуулсугай.
2.Гадна зар сурталчилгааны самбар буулгахад шаардагдах ажиллах хүчний болон шатахууны зардлын тооцоог хавсралтаар баталж, 4,050,000 (Дөрвөн сая тавин мянга) төгрөгийг Хот тохижуулах зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Зар сурталчилгааны самбар буулгах ажлыг хийж гүйцэтгэхийг Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ (Ж.Мөнхзориг)-т, гэрээ байгуулж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Ж.Нямхүү)-т, цаашид худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, авто засвар, дугуй засвар, авто угаалгын газруудад зөвшөөрөлгүй зар сурталчилгааны самбар байрлуулахгүй байхад анхаарч, байнгын хяналт тавьж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (К.Нямцэцэг)-т тус тус үүрэг болгосугай.
4.Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангуулан, биелэлтэд хяналт тавьж, үр дүнг Засаг даргад танилцуулахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ