Аян зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.5, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2024 оны А/05 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах цэвэр орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор сар шинийн баярыг угтан “Сонгинохайрханчууд хоггүй шинэлцгээе-II” аяныг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулсугай.
2.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, ажлын төлөвлөгөөг 2 дугаар, удирдамжийг 3 дугаар, шаардагдах зардлын тооцоог 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.
3.Аян зохион байгуулахад шаардагдах 10,500,000 (арван сая таван зуун мянга) төгрөгийг дүүргийн хот тохижуулах зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
4.Аяны хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг үйл ажиллагаанд татан оролцуулж, гүйцэтгэлийн тайлан мэдээг хугацаанд нь хүргүүлж ажиллахыг Хорооны Засаг дарга нарт, хог хаягдлыг ачиж тээвэрлэх ажлыг эрчимжүүлэх, өргөдөл гомдлыг түргэн шуурхай барагдуулж, ажиллахыг “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ(Б.Батжаргал), “Охь мандал” ХХК (Б.Жавзан), “Улаанбаатар шинэчлэл” ХХК (М.Түвдэндорж), “Эко эрин тохижилт” ХХК (Н.Лхагвасүрэн), “Мандат элстэй” ХХК (Г.Өнөрцэцэг)-д тус тус үүрэг болгосугай.
5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч(Д.Ундармаа)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ