Сахилга хариуцлага, ажлын үр дүнг сайжруулах тухай

5

Сахилга хариуцлага, ажлын үр дүнг

сайжруулах тухай

 

2022.06.28                                          Дугаар A/366                                Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйл, Засгийн газрын 2019 оны “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм батлах тухай” 33 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгоны захирагчийн ажлын алба болон төсөвт байгууллагуудын төрийн анхан шатны ажил, үйлчилгээг иргэдэд хүргэх төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах, сайжруулан шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг дараах байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.

 

1.1.Дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгоны Захирагчийн ажлын албанд:

 

1.1.1.Албан хаагчдад хууль тогтоомжоор хориглосон үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулах, ажил үүргийг цалгардуулах зэрэг зүй бус үйлдэл, ёс зүйн зөрчил, зан харилцааны доголдол гаргахгүй байхад онцгой анхаарч захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг байгууллага үйл ажиллагаандаа чанд мөрдөн иргэд, үйлчлүүлэгчтэй зөв боловсон харилцаж, түргэн шуурхай ажиллаж, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулах;

1.1.2.Албан бичгийг стандартын дагуу хөтлөх;

1.1.3.Сахилга бат, ажлын цаг ашиглалтыг сайжруулах;

1.1.4.Хэсгийн ахлагч нар судалгаа тайланг үнэн зөв гаргаж, иргэдэд мэдээ, мэдээллийг бодитой хүргэх;

1.1.5.Холбогдох байгууллагуудад мэдээ мэдээллийг үнэн зөв уламжилж шийдвэрлэх арга хэмжээнд өөрсдийн зүгээс хяналт тавих;

1.1.6.Хорооны айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын малын гаралтай хог хаягдлыг Барын аманд буулгаж хэвшүүлэх;

1.1.7.Мал аж ахуй, газар тариалангийн чиглэлийн статистик мэдээ, судалгаанд Хэсгийн ахлагч, мэдээ, судалгааны ажилтнууд хариуцлагатай хандаж, иргэдэд чирэгдэлгүй ажиллах;

1.1.8.Хорооны айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын ахуйн хог хаягдлыг сард 2 удаагийн давтамжтайгаар тогтмол ачиж тээвэрлэх, үүсмэл болон хур хогийн цэг үүсгэхгүй байх тал дээр хяналт тавих холбогдох байгууллагатай хамтран ажиллах.

 

1.2.Дүүргийн 74, 121 дүгээр сургуулиудад:

 

1.2.1.Дотуур байрны хүүхдийн хоолны зардал 1 хоногийн 3475 төгрөг байгаа нь хүүхдийн хоногт авах хүнсний илчлэг, нормыг хангаж чадахгүйд хүрч байгааг холбогдох газруудад уламжлан шийдвэрлүүлэх;

1.2.2.Сургуулийн интернэтийг шилэн кабелийн сүлжээнд холбох асуудлаар холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх;

1.2.3.Дүүргийн 74 дүгээр сургуулийн цахилгааны их засварын асуудлаар холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх;

1.2.4.Сургуулийн багш, албан хаагчдын дунд байгууллагын удирдлага, үйл ажиллагаатай холбоотой сэтгэл ханамжийн судалгааг 2022-2023 оны хичээлийн жил эхлэх үеэр зохион байгуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллах;

1.2.5.Багш, ажилчдын ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж ажиллах.

 

1.3.Дүүргийн 116 дугаар цэцэрлэгт:

 

1.3.1.Багш, ажилчдын ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж ажиллах;

1.3.2.Хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор сүүний хөргүүр шинээр худалдан авахад шаардлагатай 2,8 сая төгрөгийн зардлыг холбогдох байгууллагуудад уламжлан, шийдвэрлүүлэх;

1.3.3.Багшийн ёс зүйтэй холбоотой эцэг эх, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг үндэслэн, тодорхой арга хэмжээг авч, гомдлын хариуг албан бичгээр хариуг хүргүүлэх;

1.3.4.Дүүргийн 116 дугаар цэцэрлэгийн багш, албан хаагчдын дунд байгууллагын удирдлага, үйл ажиллагаатай холбоотой сэтгэл ханамжийн судалгааг 2022-2023 оны хичээлийн жил эхлэх үеэр зохион байгуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллах.

 

1.4.Жаргалант тосгоны эрүүл мэндийн төвд:

 

1.4.1.Тосгоны эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг давтан сургах, мэргэшүүлэх, нарийн мэргэжлээр сургах, ажлыг холбогдох дээд шатны байгууллагатай хамтран ажлын байранд зохион байгуулах;

1.4.2.Байгууллагын соёлыг төлөвшүүлэх, хамт олны харилцаа, хандлага, ёс зүйг сайжруулах ажлын байран дахь сургалтуудыг тогтмол зохион байгуулах;

1.4.3.Ажилтнуудын ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх талаар төсөл, хөтөлбөр боловсруулж холбогдох байгууллагад уламжлан, шийдвэрлүүлэх;

1.4.4.Эмнэлгийн барилгын засварын төсвийг 2023 оны төсөвт тусгуулах хэлбэрээр шийдвэрлэх;

1.4.5.Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх сургалтын арга хэмжээг тогтмолжуулах, эрүүл мэндийн нийгмийн ажилтныг сургах, дадлагажуулах;

1.4.6.Эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай хууль бусад хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангаж ажиллах.

 

2.Дээрх байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс              (Т.Бат-Оргил), Нийгмийн хөгжлийн хэлтэс (Ч.Энххорол), Хөдөө аж ахуйн тасаг (С.Мижиддорж), Агаарын бохирдолтой тэмцэх тасаг (Ж.Нямхүү)-т тус тус үүрэг болгосугай.

 

            3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор танилцуулахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                  Н.АЛТАНШАГАЙ






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.