ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧИДТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

1

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хот тохижилт, хог хаягдлын чиглэлээр гарсан хууль тогтоомжийг сурталчлах, биелэлтийг хангуулах, зөрчил дутагдлыг арилгуулах чиг үүрэг бүхий Тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагчийг Улаанбаатар хотын хэмжээнд ажиллуулахаар болсон билээ.

Сонгинохайрхан дүүргийн хувьд хороо бүрт нэг буюу нийт 32 Тохижилт, хог хаягдлын байцаагч ажиллана. Эдгээр олон нийтийн байцаагчид нь дээр дурьдсан чиг үүргийн дагуу ажиллаж, зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагын “Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, тусгай зөвшөөрөл”, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, газар эзэмших эрх, эрчим хүчний хангамж хэрэглээ зэргийг түдгэлзүүлэх, цуцлуулах саналыг холбогдох байгууллагуудад тавин шийдвэрлүүлэх эрхтэй байх юм.

 

Томилогдон ажиллахаар болж байгаа 32 тохижилт олон нийтийн байцаагчидтай дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун өнөөдөр гэрээ байгууллаа. Тэрээр гэрээ байгуулсан олон нийтийн байцаагчидад ажлын амжилт хүсээд та бүхний ажлын үзүүлэлт, хичээл зүтгэлээс дүүргийн болон нийслэл хотын өнгө үзэмж, иргэдийн аятай тухтай амьдрах орчин ихээхэн шалтгаана. Эрхээ ойлгож, үүргээ ухамсарлан хичээж ажиллаарай гэлээ.

Өнөөдрөөс буюу 3-р сарын 09-ний өдрөөс Сонгинохайрхан дүүргийн тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагчид ажилдаа орно.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.