“АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

3

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн 5-р хороо, “Ерөөгдсөн гэр бүл” ТББ-тай хамтран “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийг зохион байгууллаа.

“Ерөөгдсөн гэр бүл” ТББ нь тус дүүргийн архины хамааралтай иргэдийг архинаас гаргах сэтгэлзүйн төвийг 5-р хорооны нутаг дэвсгэрт байгуулан ажиллаж байгаа бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газраас болон 5-р хорооны зүгээс тус байгууллагатай нягт хамтран ажилладаг юм.

 

“Аз жаргалтай гэр бүл” арга хэмжээ энэ жил 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн арга хэмжээний үеэр архины хамааралтай 10 иргэн, тэдний ар гэрийнхэн хүрэлцэн ирж талархал илэрхийллээ.

Энэ үеэр сэтгэл догдлуулам үйл явдал болсон юм.   Тус төв анх байгуулагдахад ирж хамрагдан архинаас гарсан О.Батболд  10 жил төрсөн эх, төрөл садангуудтайгаа уулзаагүй холбоо тасарсан байжээ. Түүний ээж Оюунгэрэлийг  5-р хорооны нийгмийн ажилтан сурвалжлан олж, Увс аймгаас Улаанбаатарт ирсэн байхад нь холбоо барин  “Аз жаргалтай гэр бүл-2” өдөрлөг дээр нь уулзуулж эх үрийн элгийг дэвтээсэн юм.

Тус арга хэмжээнд СХД-ийн Засаг даргын тамгын газрын дарга С.Мөнхчулуун, Нийгмийн хөгжлийн хэлтэс, нийгмийн халамжийн хэлтэс болон ДЗОУБ-ын төлөөлөлүүд оролцлоо.

ЗДТГ-ын дарга С.Мөнхчулуун архины хамааралтай иргэдийг архинаас гаргах сэтгэлзүйн төвийг ажиллуулж буй “Ерөөгдсөн гэр бүл” ТББ-ын захирал Б.Үүрцайх, тус ТББ-т өөрийн хашаа байшинг түрээсгүй хэрэглүүлж байгаа иргэн н.Шүрэнцэцэг нарыг ЗДТГ-ын даргын өргөмжлөл,  мөнгөн шагналаар шагнав.

            Өнөөдрийн байдлаар тус сэтгэлзүйн төвд 15 иргэн эмчлүүлж байгаа бөгөөд тэд эрүүл саруул болон ирэх жил “Аз жаргалтай гэр бүл-3” арга хэмжээнд оролцох итгэл дүүрэн байна.

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.