
Сонгинохайрхан дүүргийн онцгой комиссын ээлжит наймдугаар хуралдаан өнөөдөр болж өвөлжилтийн бэлтгэл ажил болон халиа дошин үүсэхээс урьдчилан сэргийлэх ажил, цаашид авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Хуралдааны үеэр өвөлжилтийн бэлтгэл ажил болон халиа дошин үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар дүүргийн тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга, өвөлжилт хүндэрсэн үед анхаарах ажил арга хэмжээний талаар дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга нар тус тус танилцуулга хүргэлээ.
Дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ц.Баттөр цаашид авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар комиссын гишүүдэд үүрэг чиглэл өглөө.
Тодруулбал комиссын гишүүдэд болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар иргэд олон нийтийг нэгдсэн мэдээ мэдээллээр хангахыг үүрэг болголоо.
Мөн дүүргийн онцгой комиссын ажиллах журмыг боловсруулж батлуулах, онцгой байдлын алба хаагчдыг хувцас хэрэглэл, техник хэрэгслээр хангах, онцгой байдлын үед алба хаагчдын ашиглах шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гаргах, онц байдлын үед хэрэглэх гэр, сууцын дэлгэрэнгүй судалгааг боловсруулж танилцуулахыг холбогдох комиссын гишүүдэд даалгалаа.
Түүнчлэн усны ундарга шинээр үүссэн цэг байршлыг шинээр тогтоож, халиа, дошин үүсдэг, үерийн эрсдэл өндөртэй байршилд далан сувагчлал татах, бетонон хоолой байршлуулах, хамгаалалтын далан барих ажлыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, шаардлагатай хөрөнгийг ирэх оны төсөвт суулгах ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо.

ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
