2024-04-09 A/202
Эрдэм шинжилгээ, онол, практикийн
бага хурал зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.4, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3, Төсвийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны А/35 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жил, “Дэлхийн сувилагчдын 50 дахь өдөр”-ийг угтан “Судлаач сувилагч 2024” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулсугай.
2.Хурлын удирдамжийг 1 дүгээр, шаардагдах төсвийг 2 дугаар хавсралтаар баталж, зарцуулагдах 5,594,000 (Таван сая таван зуун ерэн дөрвөн мянга) төгрөгийн дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, арга хэмжээг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулан, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлан ажиллахыг Ажлын хэсэг (Д.Ундармаа)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2024 оны .......... дугаар сарын ......... -ны
өдрийн......... дугаар захирамжийн 1 дүгээр хавсралт
УДИРДАМЖ
ҮНДЭСЛЭЛ
Нэгдсэн Үндэстний байгууллагын 2023 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод “Халдварт бус өвчин”-өөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх замаар ХБӨ-өөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг 2025 он гэхэд 25%, архины хортой хэрэглээ, хөдөлгөөний хомсдолыг 10%, давс, тамхины хэрэглээг 30%, цусны даралт ихсэлтийг 25%, таргалалт, чихрийн шижингийн өсөлтийг тогтоон барих, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрүүл идэвхтэй амьдрал, Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд, Хавдрын эсрэг, Элэг бүтэн Монгол, Харшлаас сэргийлэх, Эрүүл чийрэг эр хүн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлэх зорилгуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны бодлого:
Эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлнэ. Эрүүл мэндийн хүний нөөцийн хангалт, ур чадвар, нийгмийн хамгааллыг сайжруулсан байна зэрэг зорилт, арга хэмжээг дэвшүүлсэн.
ЗОРИЛГО:
Тэмдэглэлт өдрийн хүрээнд сувилагч мэргэжилтнүүдийнхээ эрдэм судлалын ажлыг дэмжиж, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэх, мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, сувилахуйн шинжлэх ухааны шинэ арга технологийг нэвтрүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад оршино.
ХУГАЦАА:
2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 05 дугаар сарын 09-ний өдрийн хугацаанд.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс.
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Анагаахын Шинжлэх ухааны Их сургуулийн Сувилахуйн сургууль.
ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ИЛТГЭЛИЙН ЧИГЛЭЛ:
1. Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж, үйлчилгээ;
2. Амь тэнссэн үеийн сувилахуйн тусламж үйлчилгээ;
3. Эрүүл мэндийн боловсрол, зан үйл судлал;
4. Төрөлжсөн сувилахуйн тусламж, үйлчилгээ (ахмад, хүүхэд, жирэмсэн гэх мэт);
5. Сувилахуйн тусламж үйлчилгээний орчин үеийн чиг хандлага, шинэ технологи, шинэ санаа;
6. Бусад –өөрийн судалж буй сувилахуйн судалгааны ажлын хүрээнд сэдэв харгалзахгүй оролцох боломжтой.
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
А4 цаасан дээр цаасны дээд, доод талаас 2см, баруун талаас 3 см, зүүн талаас 1.5 см зайтай, Arial 12 фонтоор, мөр хоорондын зай 1.15 буюу Multiple, 4 талаас тэгш (Justify) байхаар монгол хэлээр ирүүлнэ. Илтгэл дараах бүтэцтэй байна.
1. Сэдвийн нэрийг Arial 12 Bold, Том үсгээр UPPERCASE;
2. Судлаачдын нэрс, харьяалал: Илтгэлийн нэрийн баруун доор Arial 11 фондоор бичигдэнэ. Үндсэн судлаачтай холбогдох судлаачийн цахим шуудангийн хаяг, утасны дугаар;
3. Үндэслэл, зорилго, материал, арга зүй, үр дүн (хүснэгт, зураг оруулж болно.);
4. Түлхүүр үгс: Тухайн судалгааны онцлог, агуулгыг илэрхийлэх, гарчигт ороогүй 5 хүртэл үг байна;
5. Илтгэлийн хураангуйг нэгтгэн эмхэтгэлд хэвлэлээр бэлтгэж олон нийтэд түгээх тул Үндсэн судлаач, өөрийн зураг, товч намтрын хамт ирүүлнэ.
ШАЛГАРУУЛАХ ЯВЦ, ХУГАЦАА:
1. Нэгдүгээр үе шат -2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 05 дугаар сарын 03-ны хугацаанд удирдамжийн дагуу байгууллага бүр дотооддоо уралдаан зохион байгуулж, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүд шилдэг 5, өрхийн эрүүл мэндийн төвүүд шилдэг 1 илтгэлийг дараагийн шатанд илгээнэ.
2. Хоёрдугаар үе шат -2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 05 дугаар сарын 08-ны хугацаанд байгууллага бүрээс ирүүлсэн шилдэг бүтээлүүдийг шүүгчийн бүрэлдэхүүн судлан, шилдэг 15 бүтээлийг сүүлчийн шатны шалгаруулалтад үлдээж, хэлэлцүүлэхэд бэлтгэнэ.
3. Гуравдугаар үе шат -2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр сүүлчийн шалгаруулалт, илтгэл хэлэлцүүлэх хурлыг зохион байгуулж шилдэг бүтээлийг шалгаруулан, шагнаж урамшуулна.
Шалгаруулалт үлдсэн 15 илтгэгч өөрийн бүтээлийг 7 минутад багтаан илтгэж, Power point хэлбэрээр бэлтгэн танилцуулна.
ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ:
1. Шинжлэх ухаанч байдал;
2. Судалгааны бүтээлч санаа, шинэлэг тал;
3. Судалгааны ач холбогдол;
4. Судалгааны арга зүй;
5. Хураангуйг бэлтгэсэн байдал;
6. Танилцуулга бэлтгэсэн байдал;
7. Асуултад хариулсан байдал;
8. Илтгэх ур чадвар зэргийг харгалзан шалгаруулалтыг зохион байгуулна.
ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ:
1.1. Тэргүүн байр 1- Өргөмжлөл, мөнгөн шагнал (700,000 төгрөг)
1.2. Дэд байр 2- Өргөмжлөл, мөнгөн шагнал (500,000 төгрөг)
1.3. Гутгаар байр 2- Өргөмжлөл, мөнгөн шагнал (300,000 төгрөг)
1.4. Тусгай байр 3 - Өргөмжлөл, мөнгөн шагнал (150,000 төгрөг)
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
