Агаарын бохирдлын эх үүсвэрийн
нэгдсэн тоо бүртгэл хийх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.5 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/479 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1250 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн нутаг дэвсгэрт агаарын бохирдлын эх үүсвэрийн бүртгэл, тооллогын ажлыг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хооронд зохион байгуулах ажлын удирдамжийг хавсралтаар баталсугай.
2.Агаарын бохирдлын эх үүсвэрийн бүртгэл, тооллогын ажлыг үр дүнтэй зохион байгуулж, явцын мэдээг тогтмол хянаж, гарган ажиллахыг гэр хорооллын айл өрх бүхий хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн менежер (Д.Баярсайхан)-д үүрэг болгосугай.
ДАРГА Ц.БАТТӨР
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2024 оны .....дугаар сарын ......-ны өдрийн
......дугаар захирамжийн хавсралт
АГААРЫН БОХИРДЛЫН ЭХ ҮҮСВЭРИЙН НЭГДСЭН
ТОО БҮРТГЭЛ ХИЙХ АЖЛЫН УДИРДАМЖ
Нэг.Зорилго
Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.5, 27.2, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/479 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1250 дугаар захирамжийг тус тус үндэслэн 2025 оны агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл хийх ажлыг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахад оршино.
Хоёр.Хамрах хүрээ
Дүүргийн хэмжээнд агаар бохирдуулагч эх үүсвэр хамрагдана. Үүнд:
- Ердийн галлагаатай 3-15 кВт хүртэл хүчин чадалтай зуух. Үүнд: айл өрхийн ахуйн хэрэглээ, жижиг үйлдвэрлэл, үйлчилгээд ашиглаж байгаа уламжлалт болон сайжруулсан зуух, пийшин, усан халаалтын зуух;
- Усан халаалтын 15-100 кВт хүртэл хүчин чадалтай зуух. Үүнд: ахуйн хэрэглээний усан халаалтын зуух, төвлөрсөн дулаан хангамжийн системийн усан халаалтын зуух;
- Усан халаалтын 101-4200 кВт хүртэл хүчин чадалтай зуух. Үүнд: технологийн зориулалттай зуух, төвлөрсөн болон нэгдсэн дулаан хангамжийн системийн усан халаалтын зуух, барилгын болон томоохон үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглаж байгаа зуух;
Гурав.Тооллого хийх хугацаа
- Хороод 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн дотор тооллогыг бүрэн дуусгаж, дүн мэдээг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Агаарын бохирдолтой тэмцэх тасагт хүргүүлсэн байна.
- Агаарын бохирдолтой тэмцэх тасаг хороодоос ирүүлсэн дүн мэдээг нэгтгэн, 2025 оны 03 дугаар сарын 05-ний өдрийн дотор нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт хүргүүлсэн байна.
Дөрөв.Тооллогын ажлын зохион байгуулалт, чиглэл
4.1.Ердийн галлагаатай 3-15 кВт хүртэлх хүчин чадалтай зуух эзэмшигч, хариуцагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэлийн ажлыг зохион байгуулахдаа нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас ирүүлсэн excel маягтын дагуу хороодын албан хаагчид үнэн зөв, гүйцэт бөглөж, www.envpol.mne.gov.mn программд оруулна.
4.2.Усан халаалтын 15-100 кВт хүртэлх хүчин чадалтай зуух эзэмшигч, хариуцагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэлийн ажлыг зохион байгуулахдаа “Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл хийх журам”-ын 2 дугаар маягтын дагуу хороодын албан хаагчид www.envpol.mne.gov.mn программд үнэн зөв, гүйцэт бөглөнө.
4.3.Усан халаалтын 101-4200 кВт хүртэлх хүчин чадалтай зуух эзэмшигч, хариуцагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэлийн ажлыг зохион байгуулахдаа “Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл хийх журам”-ын 3 дугаар маягтын дагуу дүүргийн мэргэжилтэн www.envpol.mne.gov.mn программд үнэн зөв, гүйцэт бөглөнө.
4.4. Агаарын бохирдолтой тэмцэх тасаг нь хороодын шивсэн мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэт байдлыг нягтлан, шаардлага хангаагүй тохиолдолд нөхөн бүрдүүлэлт хийлгэнэ.
4.5.Дүн мэдээг дүүргийн мэргэжилтэн “Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл хийх журам”-ын 6,7 дугаар маягтын дагуу www.envpol.mne.gov.mn цахим хуудсанд нэгтгэж, 2025 оны 3 дугаар сарын 05-ний өдрийн дотор нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт албан бичгээр хүргүүлнэ.
Тав.Тооллогын үр дүн
Агаарын бохирдолтой тэмцэх тасаг тооллогын дүн мэдээг нэгтгэн, холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж, дүүргийн агаарын бохирдлын эх үүсвэрийн тоо бүртгэлийн мэдээллийн санг шинэчлэнэ.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
