Цэргийн бүртгэл явуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1378 дугаар захирамжийг тус тус үндэслэн захирамжлах нь:
1.Дүүргийн хэмжээнд цэргийн бүртгэлийг 2025 оны 1 дүгээр сарын 06-наас 1 дүгээр сарын 22-ны өдрүүдэд зохион байгуулсугай.
2.Цэргийн бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийг 1 дүгээр, шаардлагатай зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталсугай.
3.Бүртгэлийн ажлыг зохион байгуулахад шаардагдах зардал 7,779,200 (Долоон сая долоон зуун далан есөн мянга хоёр зуу) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
4.Цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах ажлын хэсэгт даалгах нь:
4.1.Бүртгэлийн ажлыг хороодод хүн амын тооллогын бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон, бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гарган ажиллуулах;
4.2.Цэргийн бүртгэлийг зохион байгуулахдаа цаасан болон цахим үйлчилгээний нэгдсэн портал E-Mongolia системээр зохион байгуулах;
4.3.Цэргийн бүртгэлтэй холбоотой хууль тогтоомж, журмын талаар албан тушаалтнуудад сургалт зохион байгуулж, шаардлагатай гарын авлага, материалаар хангах;
4.4.Цэргийн бүртгэлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулж, иргэдэд үнэн, зөв бодитой мэдээллийг хүргэх;
4.5.Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчдад хяналтын бүртгэл явуулж, үр дүнг тооцох;
4.6.Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоол “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-ын дагуу амралтын өдрүүдэд ажилласан бие бүрэлдэхүүнд нөхөж нэмэгдэл хөлс олгох;
4.7.Цэргийн бүртгэлийг явуулсан тухай мэдээ, тайланг 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн дотор Нийслэлийн цэргийн бүртгэлийн ажлын хэсэгт хүргүүлэх;
5.Хорооны Засаг дарга нарт даалгах нь:
5.1.Цэргийн бүртгэлийг иргэдэд хүндрэл учруулалгүйгээр “Хорооны цэргийн бүртгэлийн мэдээллийн сан”-г ашиглан зохион байгуулж, иргэдийн мэдээллийг мэдээллийн санд үнэн, зөв оруулах;
5.2.2025 онд 18 нас хүрэх иргэнийг харьяа хороонд өөрийн биеэр ирүүлж, бүртгэлд хамруулах;
5.3.Цэргийн бүртгэлээр оршин суух хаягтаа байхгүй болон аймаг, дүүрэг хооронд завсардсан иргэдийг хүн амын өрхийн бүртгэлтэй тулгалт хийн бүртгэлд хамруулах ажилд Улсын бүртгэлийн ажилтнууд, холбогдох албан тушаалтнуудыг татан оролцуулж ажиллах;
5.4.Цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулахдаа маягт №1 (нэрийн жагсаалт), маягт №4 (цэрэгт татагдагчдын анкет), маягт №12 (тооцооны хуудас), маягт №6 (бэлтгэл офицерын карт)-г төрийн албаны стандартын шаардлагын дагуу бүрэн, үнэн зөв хөтөлж, бүртгэлийн мэдээг өдөр бүр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт тогтоосон хугацаанд мэдэгдэх;
5.5.Төрийн болон албаны нууцын тухай хуулийг чанд мөрдөж, цэргийн бүртгэлийн мэдээллийн сангийн зөөврийн флаш дискийг холбосон техник хэрэгслийг гадаад, дотоод сүлжээнд холбохгүй байх;
5.6.Цэргийн бүртгэл явуулсан тухай дүн, тайлан мэдээг 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн дотор дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт ирүүлэх;
6.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулахыг Ажлын хэсэг (Д.Төмөрбаатар)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ц.БАТТӨР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
