"Теле камерын хяналтын дэд төв" байгуулах тухай

2024-12-6
3

"Теле камерын хяналтын дэд төв"

байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.21, 62 дугаар зүйлийн 62.1.9 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5, 14.2.12 дахь заалт, Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 86 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Монгол Улсын Засгийн газраас даалгасан үүргийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд суурилуулсан болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчны теле камерыг нэгдсэн сүлжээнд холбох, хяналт тавих чиг үүрэг бүхий "Теле камерын хяналтын дэд төв"-ийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэд 2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс байгуулсугай.

2.Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх "Теле камерын хяналтын дэд төв"-ийн ажиллах журмыг 1 дүгээр, бүтэц, орон тоог 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэд "Теле камерын хяналтын дэд төв"-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч, зардлын төсөв, санхүүг холбогдох хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэхийг дүүргийн Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т үүрэг болгосугай.

4.Төвийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг дүүргийн Цагдаагийн газар (Г.Байдраг), Замын цагдаагийн хэлтэс (Б.Зоригт), хорооны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дүүргийн Засаг даргын орлогч (Д.Хосбаяр)-д даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ц.БАТТӨР

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2024 оны ..... дугаар сарын ....-ны өдрийн

..... дугаар захирамжийн 1 дүгээр хавсралт

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ДЭРГЭДЭХ "ТЕЛЕ КАМЕРЫН ХЯНАЛТЫН ДЭД ТӨВ"-ИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 “Теле камерын хяналтын дэд төв”-ийн хэвийн, тасралтгүй ажиллагаа, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд суурилуулсан теле камеруудыг нэгтгэх, хяналт тавих, бичлэг хадгалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан  сэргийлэх, илрүүлэх, авто замын хөдөлгөөний зохицуулалт хийх, төрийн тусгайлсан чиг үүргийн байгууллагуудад шаардлагатай дүрс, бичлэгийг харуулах, нэгдсэн удирдлага, зохицуулалт хийх, төрийн албадыг мэдээ мэдээллээр хангахад оршино.

Энэхүү журам нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн болон албаны нууцын тухай, Хувь хүний нууцын тухай, Байгууллагын нууцын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, стандартуудыг мөрдлөг болгоно.

ХОЁР.УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2.1.“Телекамерын хяналтын дэд төв”-ийн дарга удирдан зохион байгуулна.

2.2.Төвийн даргыг холбогдох хууль тогтоомжийн дагуу аймаг, дүүргийн Засаг дарга томилж чөлөөлөх, Засаг даргын Тамгын даргатай зөвшилцөн ажилтан, алба хаагчдыг төвийн дарга томилж, чөлөөлөх бөгөөд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.

2.3.Төвийн даргын ээлжийн амралт, удаан хугацааны сургалт, томилолт чөлөөтэй байх үед төвийн даргын үүргийг ерөнхий инженер албан ёсоор гүйцэтгэнэ.

2.4.Албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ажил үйлчилгээний гүйцэтгэл, үр дүн болон ёс зүйн хариуцлагыг төвийн даргын өмнө шууд бүрэн хариуцуулж ажиллана.

2.5.Төвийн ажилчид нь мэргэжлийн албан хаагчдад түшиглэн үйл ажиллагаагаа явуулах бөгөөд удирдлагыг мэргэжлийн болон захиргааны удирдлагаар хангана.

2.6.Тус төвийн бүтцийг аймаг, дүүргийн Засаг дарга батлах бөгөөд харьяалагдах албан тушаалтнууд нь өөрийн харьяалах албан тушаалтны өмнө ажил үйлчилгээний гүйцэтгэл, үр дүнг хариуцаж ажиллана.

2.7.Төвийн хэмжээнд хэрэгжиж буй бодлого, хөтөлбөр, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актын төслийг хэлэлцэх, санал гаргах;

2.8.Төвийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал, дотоод хяналт шалгалт, мониторинг, нийгмийн түншлэл, байгууллагын соёл, уур амьсгал, ёс зүй, хууль тогтоомж, тушаал шийдвэрийн биелэлт, санхүү, цаг үеийн бусад асуудлаар байгууллагын удирдлагад  мэргэжил арга зүйн дэмжлэг, санал гаргах;

2.9.Бусад цаг үеийн ажилтай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

ГУРАВ.“ТЕЛЕ КАМЕРЫН ХЯНАЛТЫН ДЭД ТӨВ”-ИЙН

ХЯНАЛТЫН ӨРӨӨ, СЕРВЕРИЙН ӨРӨӨ

3.1.“Теле камерын хяналтын дэд төв”- Теле камерын дүрст мэдээллийг ажиглах, боловсруулах, техник, тоног төхөөрөмжийн ажиллагааг хянах, зай, тэжээл, хөргөлт, агааржуулалтын системээр тоноглогдсон техникийн болон хяналтын өрөөнөөс бүрдэнэ.

3.2.“Техникийн өрөө”-нь Теле камерын дүрст мэдээллийг ажиглах, боловсруулах, техник, тоног төхөөрөмжийн ажиллагааг хянах, зай, тэжээл, хөргөлт, агааржуулалтын системээр тоноглогдсон техникийн болон хяналтын өрөөнөөс бүрдэнэ.

3.3.“Хяналтын өрөө”-нь  Операторын компьютер, ханан дэлгэцийн болон агааржуулалтын системээр тоноглогдсон, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд суурилуулсан теле камераар хяналт тавих зориулалт бүхий өрөөнөөс бүрдэнэ.

3.4.“Теле хяналтын камерын дэд төв”-ийн аюулгүй байдлыг хангах зорилгоор  серверийн өрөө, хяналтын өрөө, төв байр нь нэвтрэх систем, галын дохиоллын бие даасан системтэй байна.

3.5.“Теле хяналтын камерын дэд төв”-ийн байрны засвар, тохижуулалтын ажлыг тухайн байрны талбайн хэмжээнд тохируулан, зөв зохион байгуулах.

ДӨРӨВ.ДЭД ТӨВИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, СИСТЕМИЙН

ХЭВИЙН АЖИЛЛАГАА

4.1.Гудамж, зам, талбайд суурилуулсан теле камеруудыг нэгтгэх, хяналт тавих, бичлэг хадгалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан  сэргийлэх, илрүүлэх, авто замын хөдөлгөөний зохицуулалт хийх, төрийн тусгайлсан чиг үүргийн байгууллагуудад шаардлагатай дүрс, бичлэгийг харуулах, нэгдсэн удирдлага, зохицуулалт хийх, төрийн албадыг мэдээ мэдээллээр хангах.

4.2.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад одоо ашиглагдаж байгаа теле хяналтын системийг ”Теле хяналтын камерын дэд төв”-тэй холбоно. 

4.3.Теле камеруудын нэгдсэн удирдлага, хяналтын ухаалаг программ хангамжтай ажиллах техникийн үзүүлэлт хангасан операторын компьютерыг ашиглана.

4.4.Сүлжээний үндсэн төхөөрөмжийн холболт, тохиргоо, суурилуулалтыг хийж акт үйлдэн хүлээлгэж өгнө.

4.5.Нийлүүлсэн тоног төхөөрөмжүүдийг суурилуулж 72 цаг тасралтгүй ажиллуулан шалгасны дараа хүлээлгэж өгнө.

4.6.“Теле хяналтын камерын дэд төв”-ийн цахилгааны эх үүсвэр нь 2-оос доошгүй найдвартай холболтыг хийсэн байхаар зохион байгуулж цахилгаан түгээх үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагаас холбогдох зөвшөөрлийг авсан байна.

4.7.Төхөөрөмжүүд нь 7/24/365 өдөр байнгын тасралтгүй ажиллах чадвартай байхаар сонгоно.

4.8.Олон улсын чанарын шаардлага хангасан тоног, төхөөрөмжүүд байна.

4.9.Суурилуулсан тоног төхөөрөмжийн жагсаалт, сүлжээний болон цахилгааны холболтын ажлын зургийг гаргаж акт үйлдэж баримтжуулна.

4.10.Нийлүүлж буй тоног төхөөрөмжийн албан ёсны борлуулагч байна.

4.11.Инженер техникийн ажилтнууд нь мэргэшүүлэх зэргийн туршлагатай байх.

4.12.Суурилагдах тоног төхөөрөмж нь 220В, 50Гц±5% хүчдэлд ажилладаг байхаар сонгох.

4.13.Хяналтын операторын суурин компьютер, серверийн өрөө, суурин станцыг үл тасалдах цахилгаан тэжээлд холбож, үндсэн цахилгаан тасрахад 5 минутаас багагүй хугацаанд нөөц цахилгаан үүсгүүрт шилжиж ажиллахаар зохион байгуулах.

4.14.Баталгаат хугацаанд нийлүүлсэн тоног төхөөрөмжид үүссэн гэмтэл саатлыг бүрэн хариуцах.

ТАВ.ХАНАН ДЭЛГЭЦИЙН СИСТЕМ

5.1.Теле камеруудын дүрсийг нэгтгэн, олон төрлийн хэмжээсээр харуулах боломжтой, зориулалтын дэлгэц бүхий нэгдсэн удирдлагатай цогц төхөөрөмж буюу “Ханан дэлгэцийн систем”-ийг суурилуулна.

5.2.Дэд төвүүдийн дэлгэцийн систем, бусад шаардлагатай хурлын өрөөний дэлгэцийн системтэй нэгдсэн сүлжээнд холбогдож мэдээлэл дамжуулах, дүрст хурлын систем, чанга яригчийн систем, ажиллах боломжтойгоор зохион байгуулах.

ЗУРГАА.ТӨВИЙН БАЙРАНД НЭВТРЭХ, ХОРИГЛОХ

6.1.Дэд төвийн аюулгүй байдлыг хангах зорилгоор төв байранд нэвтрэх, албан ажлаар ирсэн иргэн, албан тушаалтныг төвийн дарга, түүний эзгүйд орлох албан тушаалтны зөвшөөрлөөр нэвтрүүлнэ.

6.2.Серверийн өрөө, хяналтын өрөөний техник, тоног төхөөрөмжид үзлэг, үйлчилгээ хийх мэргэжлийн байгууллагын ажилтнуудыг төвийн даргаас олгосон зөвшөөрлийн дагуу хариуцах албан тушаалтны хамт нэвтрүүлж, бүртгэл хөтөлнө.

ДОЛОО.ЛАВЛАГАА ӨГӨХ, ТЕЛЕ ХЯНАЛТЫН КАМЕРЫН СИСТЕМ

 АШИГЛАХ, ДҮРС БИЧЛЭГ АРХИВЛАХ

7.1.Теле хяналтын камерын лавлагаа олгох.

7.1.1.Төвийн даргын зөвшөөрлийн дагуу лавлагаа хүссэн албан бичигтэй ерөнхий инженер танилцаж, холбогдох алба хаагчид цохолт хийнэ.

7.1.2.Тус төвийн лавлагаа хариуцсан алба хаагч лавлагааны хариуг ажлын 3 хоногийн дотор олгож, бүртгэл хөтөлнө.

7.1.3.Тус төвд бүртгэлтэй гудамж, зам, талбайд суурилуулсан камерын системийн хэвийн ажиллагаа, дүрс бичлэгийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг Систем хариуцсан инженер болон Теле камер, холбооны инженер хариуцна.

7.1.4.Иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийн хариуг ажлын 3, нэн яаралтай лавлагаа, хуулбарыг төвийн даргын шийдвэрээр ажлын 2 хоногт багтаан олгож болно.

 7.2.Теле хяналтын  камер, дэлгэцийн систем ашиглах, дүрс бичлэг архивлах.

 7.2.1.Гудамж, зам, талбайд суурилуулсан хяналтын камер, дэлгэцийн системийг ашиглах ба систем хариуцсан инженертэй хамтран холбогдох камерын дүрсийг дэлгэцэд татаж харуулна.

7.2.2.Гэмт хэрэгтэй тэмцэх, эмнэлгийн яаралтай тусламж, гал түймэр, гамшиг ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлоход ач холбогдол бүхий бичлэгийг  систем хариуцсан инженертэй хамтран архивлаж авна.

НАЙМ.АЖИЛ ОЛГОГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

8.1.Төвийн дарга нь хууль тогтоомжид нийцүүлэн албан хаагч, ажиллагсдын саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, тэднээс ажил гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрх эдэлнэ.

8.2.Байгууллагын хэмжээнд мөрдөгдөх дүрэм, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, ажил гүйцэтгэлийн төлөвлөгөө болон хөдөлмөрийн гэрээ, энэхүү хөдөлмөрийн дотоод журам, байгууллагын дүрэм, тэдгээртэй холбогдон гарсан бусад журам, зааврын хэрэгжилтийг ханган, хяналт тавьж, үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудлаар тушаал шийдвэр гарган хэрэгжүүлж, хэрэгжилтэд хяналт тавих;

8.3.Ажил олгогч нь ажилтныг ажил үүргээ гүйцэтгэх хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах, ажил гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд болон энэхүү дотоод журамд заасан үүргийнхээ хүрээнд гэрээний биелэлт, хөдөлмөрийн бүтээмж, үр дүнд тохирсон цалин хөлс олгох;

8.4.Дээд шатны байгууллага, бусад төрийн болон төрийн бус байгууллага, гадаад дотоодын төсөл, хөтөлбөр аж ахуй нэгжид өөрийн байгууллагыг бүрэн төлөөлөх;

8.5.Дүүргийн Засаг даргын баталсан бүтэц, орон тоонд нийцүүлэн хүний нөөцөө төлөвлөх замаар сул орон тоог нөхөх, үйлчилгээний ажилтныг сонгон шалгаруулах, нийт ажиллагсдыг ажилд томилох, өөрчлөх, ажлаас чөлөөлөх, халах;

8.6.Байгууллагын төсөв, санхүүгийн  үйл ажиллагааг төлөвлөх, эх үүсвэрийг бүрдүүлэх, ажиллах орчныг бэхжүүлэх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах,

8.7.Ажилтны мэргэжил, мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилгоор гадаад, дотоодод урт, богино хугацааны сургалтад хамруулж, дэмжлэг үзүүлэх бодлого барьж ажиллана. Мөн туршлага судлах гадаад, дотоод, семинар, хурал, уулзалт зэрэг арга хэмжээнд ажилтан, албан хаагчдыг мэргэжил, эрхэлж буй ажлын чиглэлийг харгалзан тэгш оролцуулна.

8.8.Ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулахад анхаарч, түүнд шаардагдах хөрөнгийн тооцоо судалгааг жил бүр гаргаж, төсөвт тусгах арга хэмжээ авч ажиллана.

8.9.Ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, үр дүнг сар, улирал, хагас, бүтэн жилээр дүгнэнэ 

ЕС.АЖЛЫН ЦАГИЙН ГОРИМ

9.1. Ажлын цаг

9.1.1.Ажиллагсдын долоо хоногийн ажлын цаг нь 40 байх бөгөөд ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг байна.

9.1.2.Ажил эхлэх, дуусах болон амрах, өдрийн цайны завсарлагын цагийн хэмжээг аймаг, дүүргийн мөрдөж байгаа төрийн захиргааны бусад байгууллагатай уялдуулан тогтооно. Зайлшгүй шаардлага гарвал ажлын цагийн хэлбэлзэл, өөрчлөлтийг Төвийн даргын тушаалаар тогтоож, нийт ажиллагсдад танилцуулж мөрдүүлнэ.

9.1.3.Ажилтны ажлын цаг ашиглалт, ирцийн бүртгэлийг өдөр бүр цахимаар бүртгэх ба гадуур ажиллах тухай бүрд гадуур ажлын дэвтэрт тэмдэглэл хөтөлнө.

9.1.4.Ажлын цагийн бүртгэл нь тухайн ажилтанд цалин хөлс олгох баримт болно. Цаг бүртгэлийг орчин үеийн дэвшилтэт техник технологи ашиглан явуулж болно.

9.1.5.Ажиллагсдад гэр бүлийн гачигдал тохиолдох буюу хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар цалинтай болон цалингүй чөлөө олгох асуудлыг төвийн дарга шийдвэрлэнэ.

АРАВ.БУСАД ЗҮЙЛ

10.1.Хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлыг тухай бүрд хянан шийдвэрлэх бөгөөд энэхүү журамд тусгагдаагүй бусад харилцааг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмаар зохицуулна.

10.2.Журамд төвийн даргын тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд тэдгээр нь журмын салшгүй хэсэг болно.

АРВАН НЭГ.ЖУРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА

11.1.Ажилчид, ажиллагсад энэхүү журмыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2024 оны ..... дугаар сарын ....-ны өдрийн

..... дугаар захирамжийн 2 дугаар хавсралт

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ДЭРГЭДЭХ "ТЕЛЕ КАМЕРЫН ХЯНАЛТЫН ДЭД ТӨВ"-ИЙН

БҮТЭЦ, ОРОН ТОО

 

Албан тушаал

Орон тоо

Албан тушаалын ангилал

 

Төвийн дарга

1

ТҮ-10

 

Ерөнхий инженер

1

ТҮ-9

 

Бичиг хэргийн ажилтан

1

ТҮМ-3

 

Мэдээлэл, лавлагааны ажилтан

1

ТҮ-7

 

Систем хариуцсан инженер

2

ТҮ-7

 

Сүлжээний инженер

2

ТҮ-7

 

Теле камер, холбооны инженер

2

ТҮ-7

 

Цахилгаанчин

1

ТҮ-3

 

Үйлчилгээний ажилтан

1

ТҮ-1

 

Механикч, Жолооч

1

ТҮ-3

 

Нийт

13

 

 

 

---ооОоо---

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.