ХАЛИА, ДОШИНД ӨРТСӨН АЙЛУУДЫН СУДАЛГААГ ШИНЭЧИЛЖ, ГАЗРЫГ ХЭСЭГЧЛЭН БОЛОН БҮХЭЛД НЬ ЧӨЛӨӨЛНӨ

2025-1-16
4

Нийслэлийн ерөнхий менежер Г.Батзориг, дүүргийн менежер Д.Баярсайхан нар Сонгинохайрхан дүүргийн халиа, дошин үүссэн 9, 26, 35 дугаар хороонд ажиллалаа.

Дүүргийн хэмжээнд 9 хорооны 15 байршилд халиа, дошин үүсээд байгаа. Эхний ээлжид нөхцөл байдал хүндрээд байгаа 35 дугаар хорооны Нарангийн голын эцсийн иргэдийн зорчих хөдөлгөөнийг нээх юм.

Мөн 26 дугаар хороонд шуудуу татаж, мөсөөр далан босгож, явган хүний гүүрэн гарцуудыг чөлөөлж халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлэх арга хэмжээг авна. 

9 дүгээр хорооны тухайд халиа, дошинд 18 айл өртөөд байгаа юм. Тус хороонд сүүлийн 4-5 жил халиа, дошин үүсэж, энэ жил нөхцөл байдал улам хүндрээд байгааг 9 хорооны Засаг дарга Л.Бямбадорж хэллээ. Жил бүр шуудуу татаж, мөсийг арилгаж шат дараалсан арга хэмжээ авч байгаа боловч тус хороо нь хөрсөн дороо цэвдэгтэй учраас цаашид айлуудын газрыг чөлөөлөх шаардлага үүсээд байгаа юм.

Иймд халиа дошинд өртөөд байгаа айл өрхүүдийн судалгааг шинэчилж гаргах, цаашид газрыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлөх үүргийг Нийслэлийн ерөнхий менежер Г.Батзориг холбогдох алба хэлтэст нь өглөө.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.