Сонгинохайрхан дүүргийн онцгой комиссын хуралдаан өнөөдөр болж халиа дошин үүссэн байршлуудад цаашид авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар хэлэлцлээ. Энэ үеэр дүүргийн онцгой байдлын хэлтсээс дүүргийн халиа дошингийн нөхцөл байдлын талаар танилцуулга мэдээллийг хүргэлээ.
Өнөөдрийн байдлаар дүүргийн нийт 9 хорооны 15 байршилд халиа дошин үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор дүүргийн онцгой байдлын хэлтэс, газар зохион байгуулалтын алба хамтран халиа дошинд өртөж буй айл өрхийг нүүлгэх шилжүүлэх, нөхөн олговор олгох ажлыг зохион байгуулж далан суваг татах, үүссэн халиа дошинг арилгах ажлыг холбогдох газар хэлтэстэй хамтран зохион байгуулж буй. Цаашид эрсдэл бүхий байршилд байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, халиа дошинг арилгахад шаардлагатай тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг дүүргийн онцгой байдлын хэлтсээс танилцууллаа.
Холбогдох газар хэлтсийн ажилтан албан хаагчид халиа дошинг арилгах ажлыг 24 цагаар тогтмол зохион байгуулж байгаа ч хөрсний болон булгийн ус гадагшилж халиа дошин үүсэж буй газрууд нэмэгдэж буй учраас энэ ажилд мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага тулгараад байгаа юм. Үүнтэй холбогдуулан дүүргийн онцгой комиссоос халиа дошинг арилгах ажилд НОБГ, ГУББГ зэрэг мэргэжлийн байгууллагаас дэмжлэг хүсэж хамтран ажиллах, онцгой байдлын хэлтэст шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг худалдан авах, халиа дошинд өртсөн алслагдсан хороодын малчин иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх шийдвэрийг гаргалаа.
Дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ц.Баттөр шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүргийн онцгой байдлын хэлтэс болоод шуурхай штабт үүрэг болголоо.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ