ЗАРИМ СӨХ-НЫ ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО

2025-4-11
1

Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр долоо хоног бүрийн пүрэв гарагт 10:00-12:00 цагийн хооронд иргэдтэй уулзалт зохион байгуулж буй. Энэ долоо хоногт дүүргийн Засаг дарга 9, 10, 15, 17, 19, 24, 27, 29, 33, 34, 36,41 дүгээр хорооны иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Иргэдийн зүгээс СӨХ-ны асуудал, авто замын эгнээг нэмэгдүүлэх, цахилгааны хүчдэлийг сайжруулах, орон сууцны нэг давхарт үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгжид тавих хяналт шалгалтыг сайжруулах, ногоон байгууламжийн усалгаа, арчилгааг сайжруулах, автобусны чиглэлийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлага байгаа тухай саналаа Засаг даргад уламжиллаа.

 Уулзалтын үеэр зарим орон сууцны хотхон хороололд олон СӨХ зэрэг үйл ажиллагаа явуулдаг, иргэдээс сар бүр хураамж авдаг ч тодорхой үйлчилгээг үзүүлдэггүй зэрэг иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг үндэслэж зарим СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгох тухайгаа дүүргийн Засаг дарга хэллээ.

 Тэрбээр “ Оршин суугчид СӨХ-ны үйл ажиллагаанд хяналтаа тавьж санал хүсэлтээ илэрхийлдэг. Гэвч тухайн орон сууцны оршин суугчид нь ч мэдээгүй байгаа хэд хэдэн СӨХ зэрэг үйл ажиллагаа явуулж буй асуудал байна. Тухайлбал 27 дугаар хороо. Нэг байранд гурван СӨХ ажилладаг. Оршин суугчид нь аль СӨХ-д нь төлбөр, хураамжаа төлөх нь тодорхойгүй. Иргэдийн гарын үсгийг хууль бусаар цуглуулж СӨХ байгуулж буй асуудалд хяналт тавьж зарим СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгоно” гэлээ.

Жич: Иргэд та бүхэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын иргэдийн өргөдөл, гомдол санал хүсэлт, нэг цэгийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, 70173317 дугаарын утсаар холбогдож иргэдтэй хийх уулзалтад оролцох боломжтой. Мөн дүүргийн албан ёсны цахим сайт болох www.shd.ub.gov.mn

Цахим сайтаар дамжуулан санал, хүсэлт, өргөдөл, гомдлоо илгээх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 70173317 дугаарын утсаар лавлана уу!

  ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.