Санхүүжилт зогссон, гүйцэтгэгч сонгон шалгараагүй, газар чөлөөлөлтийн ажил зогссон, төсөв хасагдсан, дулааны шугам сүлжээ тавигдаагүй, нэмэлт санхүүжилт шаардлагатай, улсын комисс хүлээж аваагүй, газрын маргаантай зэрэг асуудлаас үүдэлтэй хөрөнгө оруулалтын зогссон болон удаашралтай байгаа ажлыг шат дараатай эрчимжүүлэхээр болсон. Энэ хүрээнд СХД-ийн 23-р хороонд баригдаж буй 150 хүүхдийн цэцэрлэгийг энэ онд ашиглалтад оруулахаар боллоо.
Тодруулбал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд СХД-ийн 23-р хороонд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн. Гүйцэтгэгч компаниар “Энхтөгс Тэмүүлэл” ХХК шалгарч 2023 онд барилгыг хүлээлгэж өгөх байсан ч нэмэлт санхүүжилтийн асуудлаас болж ажил өнөөдрийг хүртэл царцсан. Дүүргийн зогссон болон удааширсан хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн төсвөөс нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэж дээрх цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэхээр боллоо.
Энэ асуудалтай холбогдуулан дүүргийн Засаг дарга цэцэрлэгийн барилгын явцтай танилцаж, гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар цэцэрлэгийн ажлыг цааш үргэлжлүүлж энэ онд багтаж ашиглалтад оруулах талаар талууд санал солилцлоо.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ