Хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах тухай

1

2016/01/28                             А/34 

Хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах тухай 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1.е дэх хэсэг, 29.2 дахь заалт, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дахь хэсэг, Нийслэлийн Засаг дарга,Татварын Ерөнхий Газрын даргын А/56-А/16 дугаар захирамж, тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн хувь хүн, хуулийн этгээдийн Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системд холбогдсон байдалд хяналт шалгалт хийж, хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах Дэд ажлын хэсгийг  хавсралтаар баталсугай. 

2. Хуулийн хэрэгжилтэд хийх хяналт шалгалтын ажлыг 2016 оны 01 дүгээр сарын 26-наас 02 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулж, үр дүнг тайлагнахыг Ажлын хэсэг /Б.Батдорж/-т үүрэг болгосугай. 

3. Хуулийн хэрэгжилтийг хангах, татвар төлөгчийн орлогыг үнэн зөв тодорхойлох зорилгоор хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, сунгах, ажлын байрны дүгнэлт гаргахад тавигдах шалгуур үзүүлэлтэд бүртгэлийн машины асуудлыг нэмж тусган, дүүргийн Татварын хэлтэстэй харилцан мэдээлэл солилцож, хамтарч ажиллахыг Хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч /Б.Батдорж/-д, Засаг даргын Тамгын газар /Л.Мөнбат/-т, Худалдаа, үйлчилгээний хэлтэс /Г.Ууганбаяр/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Г.Ганхүү/-т тус тус үүрэг болгосугай. 

4. Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын нэгдсэн системд холбогдсон байдалд хяналт шалгалт хийх Ажлын хэсэгт бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтарч ажиллахыг  Цагдаагийн 1,2,3 дугаар хэлтэст тус тус даалгасугай. 

5. Энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавин нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг Ажлын хэсгийн дарга /Б.Батдорж/-д даалгасугай. 

ЗАСАГ ДАРГА                                М.ЧИНБОЛД

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___сарын __-ний өдрийн

___ -р захирамжийн хавсралт

 

ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ДЭД АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН 

Ажлын хэсгийн дарга:               Хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч

                         Гишүүд:               Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын  газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн  дарга 

                                                       Татварын хэлтсийн дарга 

                                                       Худалдаа үйлчилгээний  хэлтсийн дарга  

                                                       Гааль,татварын ерөнхий газрын дэргэдэх   “НӨАТУС-ын мэргэжилтэн 

                                                       Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга 

                                                       Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга 

                                                       Цагдаагийн 3 дугаар хэлтсийн дарга 

                                                       Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга

                                                       СТСХ-ийн орлогын эдийн засагч 

 Нарийн бичгийн дарга:      Татвар төлөгчид үйлчлэх тасгийн дарга 

               Нарийн бичиг:        Татвар төлөгчид үйлчлэх тасгийн ТУБ 

БАТЛАВ:

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ

ДАРГА ................................ М.ЧИНБОЛД  

                                                               2016 оны ..........сарын .........-ны өдөр 

ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ЕРӨНХИЙ УДИРДАМЖ

 

Нэг.  Зорилго 

1.1 Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хангуулах ажлыг зохион байгуулж, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд зорилго оршино.

Хоёр. Ажлын хугацаа, хамтран зохион байгуулах байгууллага 

2.1 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн,хуулийн этгээдийн Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулалын нэгдсэн системд холбогдсон байдалд хийх хяналт шалгалтын ажлыг 2016 оны 01 дүгээр сарын 26-наас 02 дугаар сарын 29-ний өдрүүдэдЗасаг даргын Тамгын газар, Татварын хэлтэс,Цагдаагийн 1,2,3 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгуулна. 

Гурав. Хамрах хүрээ, зохион байгуулах хэлбэр 

3.1 Хяналт шалгалтын ажилд сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн албан татвар төлөгч, албан татвар суутган төлөгчийг хамруулна. 

3.2 Ажлын хэсэг нь албан татвар төлөгч, албан татвар суутган төлөгчийн ажлын байранд биечлэн очиж танилцах хэлбэрээр хяналт шалгалтыг хийнэ.

 

Дөрөв. Хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр зохион байгуулах ажил,  хяналт шалгалтын чиглэл 

4.1 Дүүргийн татварын хэлтэс нь холбогдох хэлтэс албадтай хамтран тухайн дүүргийн нутаг дэвсгэрийн онцлог, татвар төлөгчийн байршил зэргээс хамаарч холбогдох ажил хариуцсан албан тушаалтанг оролцуулсан тодорхой тооны баг бүрдүүлэн дараах ажлыг хийж гүйцэтгэн, хяналт тавьж ажилласан байна.

Үүнд:

а/ Татвар төлөгчдөд үйлчлэх чиглэлээр зах, худалдааны төвүүдэд улсын хэмжээнд татварын албаны харъяалал харгалзахгүй бүртгэл хийж, патент жишгээр татвар төлөгч иргэдийн хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр бүртгэх, алба хооронд хувийн хэрэг солилцох, цахим хэрэглэгч үүсгэж, www.ebarimt.mnцахим хуудас ашиглах боломжийг бүрдүүлэх. 

б/ Утсаар зөвлөгөө өгөх төвийн 1800-1288 дугаарын утсаар иргэн санал,гомдлын дагуу татвар төлөгчийн ажлын байранд очиж хуулийн хэрэгжилтийг хангах талаар арга хэмжээ авч ажиллан, шийдвэрлэсэн байдлыг дэлгэрэнгүй тайлагнах. 

в/ “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хөгжүүлэх” төслийн нэгжтэй төлбөрийн баримт үйлдэх, засварлах, илгээх болон нэмэгдсэн өртгийг албан татварын падаан үүсгэх,мэдээлэл дамжуулах, мэдээлэлтэй хэрхэн танилцах /харах/, татварын тайлангын системтэй холбох, төлбөрийн баримтын мэдээлэл цуглуулах талаар шаардлагатай засварыг хийлгэх, зөвлөгөө зааварчилгаа өгч, www.ebarimt.mn цахим хуудас болон хэрэглэгчийн системийн талаар тайлбарлан хамтарч ажиллах. 

г/ Татварын хяналт шалгалтын чиглэлээр хувь хүн, хуулийн этгээдийн Нэмэгдсэн өртгийн албан татвар, Нийслэл хотын албан татварын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, хууль зөрчсөн хувь хүн хуулийн этгээдэд зохих журмын дагуу хариуцлага ногдуулан ажилласан байх. 

4.2 Албан татвар төлөгч, албан татвар суутган төлөгчийн бүртгэлийн машин, бүртгэлийн систем, хэрэглэгчийн болон нэгдсэн системийн хэвийн үйл ажиллагаанд хяналт тавьж, програм хангамжийг доголдолгүй ажиллуулах нөхцөл бололцоогоор ханган, ажлын хэсэгт дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтарч ажиллахыг татварын хэлтсийн /А.Анар, О.Түмэнбаяр/ нарт үүрэг болгосугай. 

4.3 Нэмэгдсэн өртгийн албан татвар болон Нийслэл хотын албан татварын өр, ногдлын дутуу төлөлтийг барагдуулах,дүүргийн төсвийн орлогын төрөл суутгагчын хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татвар, иргэний орлогын урьдчилгаа татвар, албан татвар төлөгч суутгагчийг татварт бүрэн хамруулах ажлыг зохион байгуулахыг Татварын хэлтсийн татвар хураалтын тасгийн дарга /Б.Энхтогтох/-д үүрэг болгосугай. 

4.4 Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт болон сугалааны эрхийн талаар хувь хүн, хуулийн этгээдэд зориулсан сургалт зохион байгуулахыг Татварын хэлтсийн татвар төлөгчдөд үйлчлэх тасгийн дарга                    /Д.Батжаргал/-т тус тус үүрэг болгосугай. 

4.5 Ажлын хэсгээс дүүргийн татварын албадаас зохион байгуулсан энэхүү удирдамжийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заагдсан ажил үүргийн хэрэгжилтэнд хяналт тавьж, зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллахын зэрэгцээ дараахь чиглэлийн хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.

 а/ Албан татвар суутган төлөгчийн борлуулалтын төрбөрийн баримтад заагдсаны дагуу бүртгэж, бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, түүний салашгүй хэсэг болон пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмж /бүртгэлийн машин/ суурилуулсан эсэхэд хяналт тавих.

 б/ Тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг  агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан төлбөрийн баримтыг олгож буй эсэхэд хяналт тавих.

 в/ Нийслэл хотын албан татвар ногдох бараа, үйлчилгээний тусгай зөвшөөрөл олгоход тавигдах стандартын шаардлага, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг шалган, төрийн байгууллагаас зохих зөвшөөрлийг огт аваагүй, хугацаа сунгуулаагүй үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийн талаар тусгайлсан бүртгэл хөтлөн, ногдох татварыг тухай бүр төлүүлэх, татварын хяналт шалгалтанд хамруулах, хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулах арга хэмжээ авах. 

г/ Албан татвар төлөгч, албан татвар суутган төлөгчийн тайлан тушаалт, албан татвар төлөлтийг хянан, татварын дутуу төлөлтийг төлүүлэх арга хэмжээг авч ажиллах. 

            д/Ажлын хэсгийн гишүүд хяналт шалгалтын ажлын явцад Нэмэгдсэн өртгийн албан татвар, Нийслэл хотын албан татварын тухай хуулийг сурталчилах чиглэлээр татвар төлөгчдөд заавар, зөвлөмж өгч, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр албан шаардлага хүргүүлж ажиллах.

 

Тав. Ажлын тайлан, үр дүн 

5.1 Дэд хэсгийн ажлын үр дүнгийн талаар долоо хоног бүрийн баасан гаригт Ажлын хэсгийн нарийн бичгийн даргад тайлагнаж байна. 

 

5.2 Ажлын үр дүнг Ажлын хэсгийн дарга 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөрт багтаан нийслэлийн удирдлага болон Гааль, татварын ерөнхий газрын даргад танилцуулна.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.