Өсвөрийн шигшээ багийн ажиллах журам, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

7

2015/11/17                            А/417

Өсвөрийн шигшээ багийн ажиллах

журам, бүрэлдэхүүнд өөрчлөлт

оруулах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн  18 дугаар зүйлийн 18.10 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/118 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Дүүргийн Засаг даргын дэргэдэх  өсвөрийн шигшээ багийн үйл ажиллагааг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажиллах журмыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

            2.Үйл ажиллагаанд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгуулан ажиллахыг Биеийн тамир, спортын хороо /Ц.Ганхүү/-т даалгасугай.

            3.Энэ захирамж гарсантай хоблогдуулан 2008 оны 109 дүгээр захирамжийг хүчингүйд тооцсугай.

 

ЗАСАГ ДАРГА                               М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны____р сарын____-ний өдрийн

____р захирамжийн нэгдүгээр хавсралт

 

ӨСВӨРИЙН ШИГШЭЭ

БАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ

ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

 

            Дарга:                                    Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал

                                                            хариуцсан орлогч

 

            Дэд дарга:                             Дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга

 

            Гишүүд:                                 Засаг даргын Тамгын газрын дарга

 

                                                            Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн

                                                            хэлтсийн дарга, Спорт хамтлагийн ахлагч

 

                                                            Засаг даргын Тамгын газрынНийгмийн хөгжлийн

                                                            хэлтсийн дарга

                          

                                                            Засаг даргын Тамгын газрынСанхүү, төрийн

                                                            сангийн хэлтсийн дарга

                                               

                                                            Нийгмийн хөгжлийн хэлтсийн  Биеийн тамир, эрүүл

                                                            мэнд хариуцсан мэргэжилтэн

 

                                                            Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагчид

            Нарийн бичгийн    

            дарга:                                     Биеийн тамир, спортын хорооны ахлах

                                                            мэргэжилтэн

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны____р сарын____-ний өдрийн

____р захирамжийн хоёрдугаар хавсралт

НИЙСЛЭЛ, ДҮҮРЭГТ ОЮУТНЫ БОЛОН ӨСВӨР ҮЕИЙН

ШИГШЭЭ БАГ АЖИЛЛУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

 

Нэг. Үндэслэл

 

1.1. ''Биеийн тамир, спортын тухай'' хууль, Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 189 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэн, дүүрэгт өсвөр үеийн, нийслэлд оюутны шигшээ баг байгуулан, өсөх ирээдүйтэй, авъяаслаг хүүхэд, залуучуудыг сонгон шалгаруулж, ур чадвар, амжилтыг ахиулах сургалтын тогтолцоо, нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

1.2. Өсвөр үеийн болон оюутны шигшээ баг нь үндэсний хэмжээнд авъяастай тамирчдыг нэгдсэн хөтөлбөр, бодлогын дагуу системтэй бэлтгэх залгамж чанар бүхий нэгдмэл тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг мөн.

1.3. Дүүрэгт өсвөр үеийн, нийслэлд оюутны шигшээ багийг байгуулах, түүний үйл ажиллагаатай холбоотой нийтлэг харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.

Хоёр. Шигшээ багийг байгуулах

2.1. Дүүрэгт өсвөр үеийн, нийслэлд оюутны шигшээ баг бүрдүүлэх спортын төрлүүдийг сонгон шалгаруулах:

2.1.1. Өсвөр үеийн шигшээ багийг Дүүргийн Засаг даргын шийдвэрээр дүүргийн БТСХорооны харъяанд байгуулна.

а/ Өсвөр үеийн шигшээ багийг дүүрэг бүрт найм ба түүнээс цөөнгүй төрөл байхаар

 

2.1.2. Дүүрэгт өсвөр үеийншигшээ багийн асуудлаар Зөвлөл байгуулж ажиллуулна.

2.1.3. Зөвлөл нь энэхүү журам болон холбогдох хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилт, шигшээ багийн үйл ажиллагааны явц, төсөв хөрөнгийн зарцуулалт, үр дүн зэрэгт хяналт тавьж, шигшээ баг байгуулах спортын төрөл, багш, дасгалжуулагч, тамирчдыг сонгон шалгаруулж, шигшээ багийн үйл ажиллагаа, арга хэмжээний чиглэл, төлөвлөгөөг баталж, тухайн шатны Засаг даргаар холбогдох шийдвэрийг гаргуулан хэрэгжилтийг хангах үүрэгтэй.

2.1.4. Дүүрэгт өсвөр үеийн шигшээ багийг байгуулах спортын төрлүүдийг сонгон шалгаруулахдаа дараахи үзүүлэлтүүдийг үндэс болгоно.

Үүнд:

а/ Дүүрэг, хот, улс, олон улсын тэмцээнд оролцсон амжилт, авсан медаль

б/ Тухайн спортын төрлөөр тухайн дүүрэгт сургалт тогтмол явуулж, уралдаан тэмцээнд баг тамирчдаа бэлтгэн оролцуулдаг багш, дасгалжуулагчдын тоо

в/ Тухайн төрлийн сургалтыг зохион байгуулах заал, талбай материаллаг баазын хүртээмж

2.2. Дүүрэгт өсвөр үеийн шигшээ багийн дасгалжуулагчдыг сонгон шалгаруулах:

2.2.1. Өсвөр үеийн шигшээ багийг зохион байгуулалтын ямар хэлбэрээр ажиллуулах талаар тухайн төрлийн Спортын холбоотой зөвшилцсөний үндсэн дээр уг спортын онцлогтой уялдуулан дасгалжуулагч сонгох ажлыг хэрэгжүүлнэ.

2.2.2. Өсвөр үеийн шигшээ багийн төрөл тус бүрт ахлах болон туслах 1-3 дасгалжуулагчтай байхыг зөвшөөрнө.

2.2.3. Өсвөр үеийн шигшээ багийн дасгалжуулагчдыг удирдах ур чадвар, мэргэжлийн мэдлэг, туршлага, манлайллын чадамж, сонирхол, санаачлага, зүтгэл зэрэг үзүүлэлтээр шалгаруулж, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын Хорооноос батлан гэрээ байгуулж ажиллуулна.

2.2.4. Өсвөр үеийн шигшээ багт гадаад, дотоодын өндөр мэргэжлийн дасгалжуулагчийг гэрээний үндсэн дээр тодорхой хугацаагаар ажиллуулж болно.

2.2.5. Өсвөрийн шигшээ багт ажиллах эмч, илээч, судлаач, сэтгэл зүйч, зөвлөгч, мэргэжилтэн, менежер зэрэг бүрэлдэхүүнийг тухайн шатны шигшээ баг хариуцсан Биеийн тамир, спортын байгууллага нь батлагдсан төсөв, орон тоондоо багтаан томилох буюу гэрээ байгуулан ажиллуулж болно.

Гурав. Шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах

3.1. Өсвөрийн шигшээ багт 18 ба түүнээс доош насны анхан шатны нэгжүүдээс спортын амжилтаараа шалгарсан цаашид спортын тухайн төрлөөр тууштай хичээллэж, амжилт, ур чадвараа дээшлүүлэх сонирхолтой тамирчдыг багийн дасгалжуулагчийн дүгнэлт тодорхойлолт, холбооны удирдах зөвлөлийн дийлэнх олонхийн хувийн ирцтэй хурлаар оруулж дэмжсэн протокол, санал,  болон эрүүл мэндийн магадлагааг үндэслэн дүүргийн Биеийн тамир, спортын хорооны шийдвэрээр элсүүлэн хичээллүүлнэ.

3.2. Өсвөрийн шигшээ багт элсэхээр нэр дэвшсэн тамирчин нь, тухайн спортын төрлийн бие бялдрын болон техникийн бэлтгэлжилтийн өөрийн насны норматив үзүүлэлтүүдийн шаардлагыг биелүүлсэн, сүүлийн 3 жилд дүүрэг, хот, улсын аварга шалгаруулах тэмцээнд тогтмол оролцож, ур чадвар, амжилтаа ахиулсан байх шаардлагатай.

3.3. Өсвөр үеийн шигшээ багийн бүрэлдэхүүний талаарх асуудлыг жил бүрийн 12 дугаар сард багтаан хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд шигшээ багт нэр дэвшүүлэх тамирчны талаарх мэдээлэл, судалгаа санал хүсэлт, тодорхойлолтыг тухайн спортын холбоогоор дамжуулан нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороонд 3 сарын өмнө ирүүлсэн байна.

3.4. Өсвөр үеийн шигшээ багийн тамирчныг шалгаруулах, шинэчлэх, солих үйл ажиллагааг спортын шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан нээлттэй хэлбэрээр зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна.

3.5. Өсвөр үеийн шигшээ багийн тамирчин нь давхар Залуучуудын болон насанд хүрэгчдийн шигшээ багийн гишүүн байж болно.

 

Дөрөв. Шигшээ багийг санхүүжүүлэх

4.1. ''Биеийн тамир, спортын тухай'' хуулийн 20.3-т заасны дагуу Өсвөр үеийн шигшээ багийн холбогдох зардлыг дүүргийн төсөвт жил бүр тусган батлуулна.

4.2. Өсвөр үеийн шигшээ багийг дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Дүүргийн Төсвийн ерөнхийлөн захирагч буюу Засаг даргатай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсны үндсэн дээр санхүүжүүлнэ.

4.3. Өсвөр үеийн шигшээ багийг санхүүжүүлэх зардалд хууль тогтоомжийн дагуу багийн бүрэлдэхүүний цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгал, оюутны сургалтын төлбөр, байрны хөлс, цугларалтын хугацааны байр, хоол, унаа, эм, витаминжуулалт, сэргэлт, эмнэлэгийн тусламжийн материал, эмнэлэг, хяналт, нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн төлбөр, спортын тоног төхөөрөмж, хэрэгсэл материал, хувцас форм, харилцаа холбоо, бичиг хэрэг, заал талбайн түрээс, уралдаан тэмцээнд оролцох тээвэр, байр, хоол, хураамжийн зардлууд багтана.

4.4. Нэг тамирчин нь энэхүү журмын 2.3.5 д зааснаар шигшээ багийн 2 шатлалд зэрэг хамрагдаж байгаа нөхцөлд шигшээ багуудын хангамжийн нэр төрлүүдийг давхардуулан олгохгүй.

4.5. Өсвөр үеийн шигшээ багийн тамирчдаас Олимп, тивийн наадам, өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн тив, дэлхийн аварга, дэлхийн цом, Олимпийн эрх авах цуврал тэмцээнд оролцох зардал, хангамжийг орон нутгийн төсвөөс тус тус санхүүжүүлэх буюу зохион байгуулна.

4.6. Өсвөр үеийн шигшээ багийн батлагдсан төсвийг захиран зарцуулах эрхийг дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга эдэлнэ.

4.7. Шигшээ багийн дараа жилийн үйл ажиллагааны төсвийн төслийг жил бүрийн 03 дугаар сарын 15-ны дотор тухайн шатны төсвийн Ерөнхийлөн захирагчид гаргаж өгнө.

4.8. Тамирчид, дасгалжуулагчдын цалин хангамж сургалт дасгалжуулалтын чанар, үр дүнтэй нягт уялдсан, шударга өрсөлдөөнийг идэвхижүүлэх хөшүүрэг байх нөхцлийг гэрээгээр зохицуулна.

Тав. Үйл ажиллагаа

5.1. Өсвөр үеийн шигшээ багийн үйл ажиллагааг Монгол улсын хууль, Засгийн газрын тогтоол, Нийслэл, дүүргийн Засаг даргын шийдвэр болон бусад эрх бүхий байгууллагын шийдвэр, дүрэм, журамд нийцүүлэн явуулна.

5.2. Шигшээ багийн бэлтгэл, сургуулилт хийхэд шаардагдах нөхцөл, хангамжийг бүрдүүлэх асуудлыг  дүүргийн Биеийн тамир, спортын хороо хариуцна.

5.3. Өсвөр үеийн шигшээ багийн сургалт дасгалжуулалтын хөтөлбөр, төлөвлөгөөг дүүргийн Биеийн тамир, спортын хороо, тухайн шигшээ багийг гэрээний үндсэн дээр хариуцан ажиллаж байгаа байгууллага, клубтэй хамтран гаргаж, баталж хэрэгжилтийг хангаж ажиллана.

5.4. Бүх шатны шигшээ багийн тамирчдад спортын онол, сэтгэл зүй, хүмүүжил, ёс суртахуун, амьдрах ухааны сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу тэдний бие бялдрын бэлтгэлтэй эн тэнцүү хэмжээнд тогтмол явуулна.

5.5. Шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилт, тэмцээнд оролцоход эмнэлгийн байнгын хяналт, тусламж, үйлчилгээгээр хангана.

5.6. Шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид тухайн шатныБиеийн тамир, спортын газар,  Биеийн тамир, спортын хорооны даргатай үйл ажиллагааны гэрээ байгуулж ажиллана.

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.